“Эх барихуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, сургалт
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дах салбар Анагаах ухааны сургуулийн хамт олон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран 10 сарын 26-наас 28-ны өдрүүдэд  “Эх барихуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
 
 
Хурлын эхний өдөр буюу 26-нд эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дах салбар Анагаах ухааны сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Цабшир, ЭМЯ-ны Эх барихын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхмийн багш, АУ-ы доктор, дэд профессор Ж.Энхцэцэг, Дорноговь аймгийн засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг нар мэндчилгээ дэвшүүлж хурлын үйл ажиллагааг эхлүүлэв.
 
Хатагтай Г.Эрдэнэцэцэг хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг эмх цэгцтэй, нарийн дэг журамтай, бусдад мэдлэг мэдээллийг харамгүй хүргэсэн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгааг онцлон дурдаад хурал зохион байгуулагчид болон оролцогчдын цаашдын эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. 
 
Хурлын хүндэт зочдоор АШУҮИС-ийн СЭМТ-ийн багш, АУ-ы доктор Т.Ганцэцэг уригдан “Эмэгтэйчүүдийн сэтгэл гутрал” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.Мөн ЭМЯ-ны Эх барихын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхмийн багш АУ-ы доктор, дэд профессор Д.Янжинсүрэн багш маань оролцож Эх баригчдын ажлын байрны тодорхойлолтын талаарх танилцуулгыг хийж,Монгол улсад 2016 онд эндсэн эхийн шалтгааныг судалсан нь сэдэвт илтгэл тавив.
 
 
Монголын Эх баригчдын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Д.Уламбаяр, Монголын цэвэршилт ба Андропаузын нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Энхээ нар уригдаж  нийгэмлэгийнхээ үйл ажиллагааны талаарх мэдээлэл танилцуулгыг  нийт хуралд оролцогчдод хүргэлээ. 
 
Тус эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар сургуулиудын эрдэмтэн багш нар,Улаанбаатар хотын “Өргөө”,Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгуудын НҮЭМ хариуцсан мэргэжилтэн, төрөх тасгийн болон, зөвлөгөө өгөх кабинет, сумдын эх баригчид, мөн  “Монфа трейд” ХХК, “Нижфарм” ХХК-ий эмийн төлөөлөгчид зэрэг нийт 100 гаруй хүн оролцож 1-р шатанд шалгарсан 19 илтгэлийг хэлэлцүүллээ.
 
Үүнээс:
 
1- р байранд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч Х.Ундармаа “Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн өсвөр үеийнхний төрөлтийн судалгаа” сэдэвт илтгэлээр,
2- р байранд Дорнод аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эх баригч Б.Оюунгэрэл “Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан төрөлтийн үеийн явц болон эхэд тохиолдсон хүндрэл” сэдэвт илтгэлээр,
3- р байранд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч А.Алтанчимэг “Жирэмсний таргалалтын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлээр тус тус байр эзэллээ. 
 
 
Хурлын дараагийн өдөр буюу 27-нд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дах салбар Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын багш нарын баг, АШУҮИС-ийн ЭБЭС-ийн тэнхмийн багш нарын төлөөлөл ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран говийн болон төв, зүүн бүсийн эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эх барихуйн тусламж үйлчилгээ” сэдэвт 2 багц цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаарорчин үеийн шинэлэг мэдээ мэдээлэл хийгээд эх барихын тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай байгаа мэдээллийгонол буюу мэдлэг мэдээллийг олгох, гардан ажилбар буюу ур чадварыг дээшлүүлэх гэсэн арга замаар зохион байгуулсан нь шинэлэг байсан төдийгүй харилцан биенээсээ туршлага солилцох, мэргэжлийн чиглэлээр хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж өгсөнд нийт оролцогчид сэтгэл хангалуун байлаа.
 
Хурлын 3 дахь өдөр эх баригч болон эх барихуйн тусламж үйлчилгээнд тулгамдаад байгаа асуудлыг 3 бүлгээр хэлэлцэн нэгдсэн хуралдаанаар саналаа нэгтгэж шийдвэрлүүлэх арга замын талаар ярилцлаа.  
Энэхүү хурал сургалтыг зохион байгуулахад  дэмжин оролцсон Дорноговь аймгийн ЗДТГ, ЭМГ, ЭМЯ-ны Эх барихын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхцэцэг, Д.Янжинсүрэн, ЭМХТ-ийн мэргэжилтэн Д.Баярхүү, бүсийн  аймгуудын ЭМГ, Нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд болон хамтран ажилласан Дорноговь салбар Анагаах Ухааны Сургуулийн нийт багш, ажилчиддаа  баярласнаа илэрхийлье.
Ээж бүхэн эсэн мэнд амаржиж, нялхас бүр эрүүл энх өсөн торниж
Монголын үрс маш олон болтугай
 
АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн Сургалтын алба
 
НИЙТЭЛСЭН: 2017-12-20 11:14:04